2008-03-22 -
Гадаад сурч байсан найз ирж элдвийг хүүрнэсэн шигээ л... нээх удсангүй хөдөө явах учир эрт харъя гээд сайн явахыг ерөөгөөд салцгаав. Хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, сэрүүхэн мөртлөө нэг л хурдан харьчихмааргүй, алхаад л баймаар сайхан. Муу янжуураа ар араасан цувруулан сорж, элдвийг бодож тунгаан алхасаар нэг л мэдэхнээ гэрийхээ гадна ирсэн байв. Юу бодож алахваа, юуны тухай бодсоноо ч мартаж. Гэрийхээ гадна ирэх мөчид тэр бодогдож өмнө бодсон бүхий л зүйлсийг замхруулан мартуулчих шиг. Бодолд минь тогшилгүй орж ирсэн тэр... Тэр бодолд минь орж ирэхэд л би жаргаж бас зовж эхэлдэг юм. Бодлоос минь гаран гартал баярлаж, уурлаж, гомдож, тунирхана... Заримдаа дотор байгаа бухимдал минь галзууруулах төхөн цээжин дотроо хашгирч... яагаад, яагаад, яагаад... яагаад би биш гэж... маш ихээр орилж хашгичмаар... Харин гаднаасаа хэн нэгэнд хэзээ ч муу зүйл хийхгүй гэсэн юм шиг гэмгүй...
Ай хөөрхий түүнийг хайралсан , тэрэнд дуралсан сэтгэл юу ч хийхээс буцахгүй өд шиг хөнгөн... хэзээ ч цүг амьдрахгүйгээс хойш түүний төлөө үхэх завшаан надад тохиолдоосой гэж... залуухан, халуухан нас минь мөрөөдөж, хүснэ... Хамаагүй ээ үхсэний дараа тэр надыг дурсаж явбал барав, надад хангалттай ч гэж, би өөрөө жаргах юм шиг мэтээр элдвийг төсөөлөн, яаж үхэхээ хүртэл мөрөөдөн элийртэн, хийсвэрлэн суух би... би дотор байгаа түүнд дуралсан бас нэг би. Ер нь бодоод байхаддаа би... би... би... ямар олон би вэ? Яасан олон төрлийн би-нүүд вэ? Хэн нэгэнтэй уулзахаар нэг төрлийн би, нөгөө хэсэгтэй нь уулзахаараа бас л нэг төрлийн би, ойр дотныхонтойгоо уулзахаараа шал өөр би, би... би... би-нүүд дотроос түүнд дуралсан би хамгийн их гал дөлөөр дүүрэн, хамгийн ихээр мөрөөдүүлдэг, хүлээлэгдэг, тэвчээрийг минь алдагдтал шаналгаж... олон би доторхи байр суурийн 70% нь дуралсан би, 20-% нь ажилсаг, 9-% гэрсэг, 1+% архичин... магадгүй нэгээс их, далаас ч их, бага байж магадгүй л дээ. Хэн мэдэхэв... ирээдүйд энэ харьцаа яаж өөрчлөгдөхийг... магадгүй 1 хувийн дуралсан би, ерэн есөн хувийн архичин байхыг үгүйсгэхгүй л дээ. Одоо бол архи дарс, ажил төрөл, гэр орон хамаагүй ээ...
Энэ гуравдугаар сард нэг л контролоо алдсан юм шиг л...
|